Засгийн газрын 2005.12.07-ны 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах” хөтөлбөрийн хүрээнд Соёлын өвийн төв “Сайбер-Андромеда” ХХК-тай хамтран түүх, соёлын хөдлөх дурсгалын бүртгэлийн RCH 1.0 програмыг 2007 онд бүтээсэн. 2007 оны 6-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд уг хөтөлбөрийн хүрээнд 35 музей /байгууллага/-н 68 ажилтан оролцсон сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Семинарт Монголын түүх соёлын дурсгал, түүнийг бүртгэхэд юуг анхаарах талаар болон RCH 1.0 бүртгэлийн програм дээр ажиллах заварчилгаа хичээлүүд орж гарын авлага материалаар хангалаа.
Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага болоод харилцагч 36 байгууллагаас авсан саналт хүсэлтийг нэгтгэн боловсруулж бүртгэлийн програмын шинэ хувилбар болох RCH 2.0-ийг 2009 оны 10 сард ашиглалтанд оруулж ашиглаж эхлээд байна. Програмын шинэ хувилбарт технологийн болон ажиллах зарчмын нилээд өөрчлөлтүүд орсон. Шинэ програмын гол давуу тал нь СӨУНБМС (Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан)-нд бүртгэл дамжуулах процессыг илүү хурдан, нууцлал сайтай, СӨУНБМС-нд хадгалагдаж байгаа дижитал мэдээллийн хадгалалт хамгаалалт илүү боловсронгуй, найдвартай бөгөөд бусад системүүдтэй уялдаж ажиллах тухайлбал хил гааль, цагдаагийн тусгай ажилтнуудтай түргэн шуурхай мэдээлэл солилцох үйл ажиллагааны үндэс суурийг тавьж өгсөнд оршино.
Цаашид бид бүртгэлийн програмаа улам хөгжүүлсээр байх бөгөөд ялангуяа энэ ажилд харилцагч байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлт маш чухал ач холбогдолтой юм. Иймд музейн ажилтан та бүгдийг програмтай холбоотой өөрийн санал бодлоо бидэнд нээлттэй ирүүлэхийг хүсч байна.