Энэ ажил 1995 оноос эхлэн хийгдэж, хамгийн анх Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор 5 музейн 39 үзмэрийг хосгүй үнэт дурсгалаар батлуулснаас хойш бараг жил бүр ховор нандин дурсгалыг нэмж оруулсаар одоогийн байдлаар 15 байгууллагат хадгалагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дахин давтагдашгүй 593 бүтээлийг Монгол улсын түүх, соёлын “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдаад байна.
Эдгээр дурсгалд XYII-XX зууны үеийн шилдэг шүтээн зураг, зээгт наамал, Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн цутгамал бүтээлүүд, алдарт шуумалч Пунцаг-Осорын цамын шүтэн баг, YIII Богд Жавзандамбын хэрэглэж байсан үнэт чулуу, хатгамал чимэгтэй титэм, дээл, монгол дархны алт, мөнгө, ган сийлбэр эдлэл, археологи, палеонтологи, байгалийн ховор олдвор зэрэг хамрагддаг.
Хамгийн сүүлд 2010 онд Монголын Эрдэнэсийн сангаас 15, ШУА-ын Археологийн хүрээлэнгээс 5, Палеонтологийн хүрээлэнгээс 25, Төрийн түүхийн музейгээс 259 нийт 304 дурсгалыг Засгийн газрын 103 тоот тогтоолоор Монгол улсын түүх, соёлын “Хосгүй үнэт” дурсгалаар нэмж батлагдаад байна.